Зээлийн хүсэлт илгээх
Зээлийн тооцоолуур
Итгэлцлийн тооцоолуур
Кредит карт захиалгын хүсэлт
Хэрэглэгчийн булан
Фэйсбүүк хуудастай холбогдох
Мэдээ, мэдэгдэл
Гүйцэтгэх захирал Д.Баясгалан: “Инвескор альяанс” хөтөлбөрийг эхлүүллээ
1 сарын өмнө

Орон нутаг дахь ББСБ-уудыг чадавхжуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бид Инвескор альяанс” хөтөлбөрийг эхлүүлсэн.

Энэхүү дугаарт Инвескор ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан оролцож компанийхаа талаар мөн цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа тухай ярилцсан юм.

Инвескор санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа өнөөгийн нөхцөлд хэрхэн явагдаж байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Covid-19 цар тахлаас шалтгаалсан хүндрэлтэй нөхцөл байдалд бид эрсдэлийн бодлогоо чангатгасан ч бүх төрлийн зээл олголтоо огт зогсоогоогүй. СЗХ-оос өгсөн чиглэлийн дагуу харилцагчдыг өрийн дарамтад орохоос сэргийлж зээлийн нөхцөлд шимтгэл хураамжгүйгээр өөрчлөлт оруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор эргэлтийн хөрөнгийн болон шуурхай зээлүүдийн шимтгэлийг тодорхой хугацаанд тэглэсэн. Бид энэ хүнд үеийг аль болох харилцагчдаа дэмжиж, хамтдаа даван туулах бодлого барин ажиллаж байна.

Танай байгууллагын сүүлийн үед хэрэгжүүлж буй ямар ажлууд байгаа вэ?

Бид харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээг төвөг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэхэд анхаарал хандуулдаг. Энэ хүрээнд системүүдийн хөгжүүлэлт рүү хөрөнгө оруулалтыг ихээр хийж, технологи дээр суурилсан шуурхай, шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна.  Үүний нэг жишээ бол өнгөрсөн 7 хоногт хэрэглээнд гаргасан Киоск төхөөрөмж юм. Бага дүнтэй хэрэглээний лизингийн зээлийг зээлийн  мэргэжилтний оролцоогүйгээр шийдэж эхлэж байгаа нь хүнээс хамааралтай эрсдлийг бууруулж, бичиг цаасны зардлыг хэмнэхээс гадна хамгийн чухал нь харилцагч өөрийн хувийн мэдээллийг хэн нэгэнд тоочилгүй, хурдан шуурхай зээл авах боломжийг олгож байгаагаараа онцлогтой юм.

Түүнчлэн бид өнгөрсөн 9-р сарын эхээр орон нутгийн ББСБ-уудыг чадавхжуулах, тэдэнд зөв засаглалын талаарх мэдлэг туршлагыг олгох, комплайнс, Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар тухайн орон нутаг дахь санхүүгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор “Инвескор Алъянс” хөтөлбөрийг туршилтаар эхлүүлээд байна.   Энэ хөтөлбөр бол цэвэр Инвескорын нийгмийн хариуцлагын нэг жишээ ба зах зээлд тэргүүлэгч санхүүгийн байгууллагын хувьд “Хамтдаа хөгжие” уриан дор хэрэгжүүлж буй сайн дурын үйл хэрэг юм. Энэхүү үйл хэргийг бид Санхүүгийн зохицуулах хороо болон МББСБХолбооны тодорхой дэмжлэгтэйгээр хийх нь зайлшгүй юм.

Одоогоор Дорнод, Өмнөговь зэрэг аймгаас ББСБ-ууд нэгдэн өөрсдийн  үйл ажиллагаагаа Инвескорын жишигт нийцүүлж, технологийн эрин үетэй хөл нийлүүлэн хөгжих, цар хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг  хамтдаа бий болгох, хамтдаа хөгжихөөр зорилго тавин ажиллаж байна.

“Инвескор Алъянс” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Зөвхөн өөрсдөө хөгжиж, өргөжөн тэлэх нь бидэнд хангалтгүй байдаг. Инвескор бол нийгмийн хариулагатай байж, харилцан нэгнээ дэмжиж, бусадтай мэдлэг туршлага, ололт амжилтаа хуваалцаж ажиллахыг эрхэмлэдэг байгууллага. Ийм байж чадсанаар бид улсынхаа санхүүгийн зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах боломжтой гэж үздэг. Үүгээрээ бид шинэ цагийн ББСБ, шинэ цагийн энтрепренерийн нийгэмд үзүүлэх нөлөө, байр суурь, өнгө төрх ямар байх ёстойг үлгэрлэж, өөрсдийн үйл ажиллагаагаа үүнийг харуулахыг хүсч байна.

Өнөөдөр Банк бус санхүүгийн зах зээл дээр 542 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас ердөө 77 нь орон нутгийн ББСБ-ууд ба тэдэнд тулгарч буй гол хүндрэл бэрхшээлд засаглалын алдаа, удирдлагын ур чадварын сул байдал, уламжлалт гар ажиллагаанд суурилсан үйл ажиллагаа, хүний нөөцийн оновчгүй бодлого, харилцагчийн үйлчилгээний стандарт хэвшээгүй, зээлийн эх үүсвэр дутагдалтай гэх мэт орчин үеийн компаний хөгжилд саад болж буй олон сул талуудыг дурдаж болно. Хөтөлбөрт нэгдсэнээр энэ бүх сул талыг гал унтраах байдлаар бус, бодлого системийн түвшинд шийдэх талаар хамтран ажиллана гэсэн үг.

-“Инвескор Алъянс” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бүх ББСБ-уудад боломж нь нээлттэй юм байна гэж ойлгож болох уу?

- Тус хөтөлбөрийг дээрх 2 аймгаас эхлүүлж байгаа ч цаашид бүх аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ хөтөлбөрт зөвхөн орон нутгийн ББСБ-ууд хамрагдах боломжтой. Гэхдээ одоогоор нэг аймгаас нэг л ББСБ-г хөтөлбөрт хамруулах бодолтой байна. Өөрөөр хэлбэл Өмнөговь, Дорнод аймгуудаас тус бүр нэг ББСБ сонгогдсон тул дахин сонгох боломжгүй. Бусад аймгуудын хувьд манайхаас тавьж буй зохих шаардлагуудыг хангасан тус бүр нэг ББСБ хөтөлбөрт хамрагдан бидэнтэй хамтран ажиллах боломжтой юм.

-COVID-19-с шалтгаалсан нөхцөл байдал танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Энэ нөхцөл байдал гадаад, дотоод бизнесийн бүх чиглэлд сөргөөр нөлөөлж байна.

Хэдийгээр нөхцөл байдал сайнгүй хэвээр байгаа ч 2020 оны 9 дүгээр сарын 30-ны нэгтгэсэн санхүүгийн тоон үзүүлэлтийг оны эцэстэй харьцуулахад зээлийн багц 36%, харилцагчийн тоо 392%-иар нэмэгдсэн, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 1.78 нэгжээр өссөн үзүүлэлттэй гарсан. Бид цаашид ч активын чанараа алдахгүйгээр багцын өсөлтийг хангах, ажлын байрыг бууруулахгүй байхын төлөө ажиллаж байна.

© 2020 Инвескор Санхүүгийн байгууллага. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.